Монголиан Пропертис Блог

Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын өнгөрсөн ба одоогийн тухай цухас

Written by Khangal Purevdorj | Dec 16, 2019 11:15:48 AM

1952 онд маршал Х.Чойбалсан нас барсны дараа түүний бунханг ЗХУ-ын адилаар нийслэлийн төв талбайд байлгаж байгаад Ю.Цэдэнбал удирдагч болсноор бунханг өөр газар байршуулжээ. Х.Чойбалсан удирдагч амьд ахуйдаа бунхан бариулах ажлыг өөрийн хүсэлтийн дагуу үүрэг болгосон гэдэг.

1952 он, Х.Чойбалсаны бунхан

Харин 2000 оноос түүний бунхны оронд засгийн газрын ордны өргөтгөлийг барив.

2018 он, Чингисийн талбай

Улаанбаатар хотод анх буюу 1958 онд ЗХУ-ын нөлөө, санаачилгаар 5 давхар орон сууцны барилгыг 40,000 м2 газар дээр барьж эхэлсэн ба дараагийн гурван жилд нь хоёрдугаар 40 болон 50 мянгат гэгдэх хорооллыг барьжээ.

1970 он, Энхтайвны өргөн чөлөө

Дараа нь 1961 онд Улсын Их Дэлгүүр болоод түүх, соёл, худалдаа, ахуй үйлчилгээний барилга, байгууламжуудыг барьж эхлэв. Тэр үед “Сансар”, “Хөдөлмөр”, “Од” зэрэг нийт зургаан кино театр баригдсан байна. Тэдгээрийн нэг нь өнөөдрийн та бидний мэдэх “АРД” кино театр аж.

1961 он, Улсын их дэлгүүр

1990 оны эхээр болсон Ардчилсан хувьсгал болон улс төрийн шинэ тогтолцооны дараа 40, 50 мянгатын байруудтай хэсгийг Сүхбаатар дүүргээс салгаж Чингэлтэй дүүрэг болгосон ба өдгөө 41,000 гаруй өрхтэй тус дүүрэг нь түрээсийн өндөр эрэлттэй монгол гэлтгүй гадаадын иргэдийн оршин суух хамгийн дуртай байршлуудын нэг болжээ.

1960 он, Энхтайваны өргөн чөлөө

2019 он

1960 он гэхэд Улаанбаатар хот 180 мянган хүн амтай боллоо. 1961 онд БНМАУ-д ирсэн алдарт монголч эрдэмтэн О.Латтимор “Улаанбаатар хурдан хөгжиж гоё хот болжээ. Яваандаа энэ хот Туул голын хойд талыг дагасан уртаараа хорин бээр (40 орчим км), өргөөшөө дөрөв таван бээр (10 орчим км), өмнө талаараа уулын нүцгэн араар, хойд талаараа модтой энгэрээр хүрээлэгдсэн уужим хөндийд өгөн сүүдэр алаглан орших хот болно. Хотын хүн ам хурдан өсч, барилгачид тэднийг орон сууцаар хангаж амжихгүй байгаа учир модон хашаанд урьд цагийн дугуй цагаан монгол гэртээ сууж буй айлууд олон бөгөөд орчин үеийн барилга, монгол гэр хоёр эрс тэс ялгаатай. Хот нь газар хөдлөлтийн бүсэд орших учир өндрөөшөө дөрвөн давхраас илүү байшин төдий л олонгүй” гэж бичиж байсан.

Нью-Йорк Таймс, Нэшнл Жеографик зэрэг сонин сэтгүүлд гэрэл зурагчин, сэтгүүлчээр ажиллаж, дэлхийн хоёрдугаар дайныг Хятадаас сурвалжилж, Мао Зедоноос сурвалжилга авч дөнгөсөн нэрт Харрисон Форман 1960-1970 аад оны Улаанбаатар хотыг дүрсэлсэн гэрэл зургийн ховор агшнуудыг дурандаа буулгажээ.

1964 он, Улаанбаатар хотын гудамж

Харрисон Форманы тэмдэглэлүүд болон 50 мянга гаруй түүхэн гэрэл зургийг өдгөө АНУ-ын Висконсин-Милвауки их сургуулийн номын санд хадгалж байна. Тэрээр 1964 онд Улаанбаатар хотыг зорьж, тухайн үеийн хөгжлийг харуулсан өнгөт гэрэл зургууд нь өнөө цагт ховор бүтээлүүд болжээ. 

1964 он, Унгар автобус

Түүний бичсэнээр Улаанбаатар хот нь Болгараас хөгжлийн хувьд илүү боловч ЗХУ-ын дагуул улсын дүр төрхтэй буюу 1960-аад оны Улаанбаатар хотыг Улан-Үдэ хоттой дүйцэж очсоныг тэмдэглэжээ. Тухайн үед ба 1961 онд 200 мянга хүрэхгүй хүн амтай Улаанбаатар хотод Вьетнамын нэгэн төлөөлөгч айлчлахдаа Улаанбаатар хотыг “Азийн цагаан дагина” гэж ямар нэгэн шалтгаанаар нэрлэж байв.

1964, Улаанбаатар зочид буудал

1965-1989 онд барилгын материал болон техникийн бааз суурь сайжирч, улс ардын аж ахуйн тэргүүлэх салбар барилгын салбар болсон байна. Барилгын хөгжлийн ид буюу оргил үе нь 1980-1990 онд үргэлжилж, жилдээ 5000 метр квадрат хүртэл талбайтай орчин үеийн тохилог орон сууц, олон үйлдвэр, барилгуудыг барьж, ашиглалтад өгсөн байна. 1990 онд Улаанбаатарын хүн ам 520 мянга хүрч, хотын тээвэр, дэд бүтэц, бохир цэвэр хоолой, усан хангамж, зам, эрчим хүч, төвлөрсөн үйлчилгээ гэх мэтээр орчин үеийн хотын үзүүлэлтээр дажгүй болжээ.  Харин 1991-1995 онд барилгын салбарын үйл ажиллагаа бүхэлдээ эдийн засагтайгаа хамт унаж 1996 оноос сэргэх хандлагатай болов.

1970, Сөүлийн гудамж

Улаанбаатар өнөөдөр 4,704.4 км2 нутаг дэвсгэртэй, нийт хүн амын тал орчим хувь буюу 1.44 сая хүн амтай, 34 давхар барилгатай том хот болжээ.

2018 он

Та дараах видеоноос хуучны сайхан зургуудыг үзэх боломжтой