Монголиан Пропертис Блог

Үл хөдлөх хөрөнгө худалдан авах, түрээслэх алхмууд

Written by Khangal Purevdorj | May 28, 2018 4:53:31 AM
  1. Туршлагатай үл хөдлөх хөрөнгийн агент олох

Агент нь үл хөдлөх хөрөнгийн зах зээл дахь таны хөтөч бөгөөд туршлагатай агент нь таны цаг зав, хэрэгцээ, шаардлагад тохирсон шийдлүүдийг олохоос гадна байж болох хамгийн доод үнийг таны өмнөөс тохиролцож чадна.

  1. Сонирхож буй үл хөдлөх хөрөнгийн тухай боломжит бүх талын мэдээллийг олох

Та өөрийн сонирхож буй үл хөдлөх хөрөнгийн талаарх нарийвчилсан мэдээлэл, хүсэл, хэрэгцээ, шаардлага, шалгууруудаа агентдаа заавал мэдээлэх хэрэгтэй бөгөөд худалдан авахаас өмнө дараах асуултыг бодох хэрэгтэй. Та хөрөнгө оруулах зорилгоор эсвэл оршин суухаар үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэж байна уу? Таны төсөв? Хэдүүлээ оршин суух вэ? Хэмжээ? Байршил? гэх мэт.

  1. Өөрийн биеэр очиж үзэх

Худалдан авах гэж буй барилга нь төвийн шугамтай холбогдсон эсэхийг заавал шалгах. Хэрвээ таны амьдрах, түрээслэх гэж буй орон сууцны халаалт, цэвэр бохир усны шугам, төвийн шугамтай холбогдоогүй бол энэ нь танд ирээдүйд, ялангуяа өвлийн улиралд ямар их зардал гарах тухай бодолцох. 

  1. Баримт бичиг шалгах

Орон сууц эзэмшигч бүр “Үл Хөдлөх Эд Хөрөнгө Өмчлөх Эрхийн Улсын Бүртгэлийн Гэрчилгээ”-тэй байх ёстой. Агент нь тухайн гэрчилгээг жинхэнэ эсэхийг баталгаажуулах, орон сууц эзэмшигч эрхийн ямарваа нэг асуудалгүй байхыг шалгаж, танд зөвлөнө.

  1. Худалдах, худалдан авах, түрээслэх гэрээ байгуулах

Сонирхож буй орон сууцыг худалдах, түрээслэх шийдвэр гармагц талууд иргэний үнэмлэх, эсвэл гадаад паспортын хамтаар тухайн дүүргийн нотариат дээр очиж гэрээ байгуулах ёстой бөгөөд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс хамаарч нотариатын үнэ хөлс 10,000 – 300,000 төгрөг хүртэл байна.

Гэрээ байгуулахтай холбоотой нотариатын зардал, тухайн дүүрэгт үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлэх зэрэг зардлыг худалдан авагч хариуцах бөгөөд нотариат нь гэрээг бэлдэж хоёр тал гарын үсэг зуран, тамга дарж баталгаажуулсны дараа худалдан авагч “Үл Хөдлөх Эд Хөрөнгө Өмчлөх Эрхийн Улсын Бүртгэлийн Гэрчилгээ”-г хүлээж авахын тулд гэрээнд заасны дагуу үлдэгдэл төлбөрийг төлнө.

  1. Үл Хөдлөх Эд Хөрөнгө Худалдан Борлуулсны Албан Татвар

Үл хөдлөх хөрөнгө худалдан авч байгаа хувь хүн худалдаж байгаа этгээдээс үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсан нийт үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх албан татвар төлүүлж, албан татвар төлсөн банкны баримтын нэг хувийг өөртөө авч үлдэх нь худалдан авагч та “Үл Хөдлөх Эд Хөрөнгө Өмчлөх Эрхийн Улсын Бүртгэлийн Гэрчилгээ” авахад шаардлагатай хүсэлт мэдүүлэхэд бүрдүүлэх баримтуудын нэг нь болно.

  1. Үл Хөдлөх Эд Хөрөнгө Өмчлөх Эрх Шилжүүлэх

Үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны татвар төлсний дараа та өөрийн агентын хамтаар тухайн дүүргийн улсын бүртгэлийн газарт очиж худалдаж авсан үл хөдлөх эд хөрөнгөө бүртгүүлнэ. Шинээр “Үл Хөдлөх Эд Хөрөнгө Өмчлөх Эрхийн Улсын Бүртгэлийн Гэрчилгээ” авахад ажлын гурваас таван өдөр зарцуулах ба дараах бичиг баримт шаардлагатай.

-       Нотариатаар баталгаажуулсан иргэний үнэмлэх эсвэл паспортын хуулбар

-       Худалдах, худалдан авах гэрээний хуулбар

-       Үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсан албан татварыг төлсөн баримтын хуулбар

-       Бүртгэлийн хураамж (20,000 – 40,000 төгрөг)

-       Өргөдлийн маягт бөглөх 

-       Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ (эх хувь)

 

ХОЛБОГДОХ НИЙТЛЭЛ:  ЯАГААД ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ЗУУЧ ХЭРЭГТЭЙ ВЭ?

 

  1. Агентын төлбөр 

Дийлэнх үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниуд худалдан авагч болон түрээслэгчээс үйлчилгээний төлбөр авдаггүй бөгөөд ихэнхдээ түрээслүүлэгч болон үл хөдлөх хөрөнгө худалдаж буй тал агентын үйлчилгээний хөлсийг хариуцна.

  1. Шилжин суух

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авмагц, та худалдаж авсан орон сууцандаа нүүж орох эрхтэй болж байгаа бөгөөд 100% төлбөр төлөхөөс өмнө тухайн байранд болзошгүй гэмтэл, саатал байгаа эсэхийг сайтар шалгах хэрэгтэй бөгөөд үлдэгдэл төлбөрийг орон сууцны түлхүүр гардаж авмагц төлөх үүрэгтэй юм.

  1. Түлхүүр

Та шинээр ашиглалтад орсон орон сууц худалдаж аваагүй л бол үүдний хаалганы түлхүүр, цоожоо солиулах нь болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж буй алхам юм. 

 

Та орон сууцанд хөрөнгө оруулахаар судалж, сонирхож байна уу? Өндөр өгөөжтэй орон сууц, болон бусад үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол khangal@apipcorp.com хаягаар надтай холбогдоорой.