Иог бол амьдралын хэв маяг

Олон улсын төвшинд иог зааж буй анхны монгол багш, Stay төвийн үүсгэн байгуулагчдын нэг, олон улсын сүлжээ Pure иогийн төвийн Бээжин, Шанхай, Хонг Конг дахь салбарт, Монголд ирэхдээ Olympic Residence-д байрлах Stay Premium Yoga-ийн төвдөө багшилдаг Б.Батцэцэг буюу BETTY-тэй ярилцлаа. 

Betty1

Сайн байна уу, манай блог порталд ярилцлага өгч байгаад талархаж байна.

 

Та өөрийнхөө тухай, энд хүрсэн түүхээсээ хуваалцаач?

Намайг урьж, өөрийнхөө дуртай сэдвээр ярилцах боломж олгосон та нарт их баярлалаа. Би иог хэмээх хүн төрөлхтний бүтээсэн гайхамшигтай анх 2006 онд Их сургуулийн 2-р курсийн оюутан байхдаа танилцах завшаан тохиосон юм. Эхэндээ бүрэн гүйцэд таньж мэдээгүйгээс төдийлөн ач холбогдол өгөлгүй, хуваарьт өдрүүдэд л  хичээллэж байсан, харин хичээллэх тусам өөрийн бие, сэтгэл санаанд өөрчлөлт гарч байгааг мэдэрч, шимтэн автсаар сургуулиа төгсөх үед хэдийнэ өдөр тутмын хэмнэл болсон байж билээ. Харин сургуулиа төгсөж ирсэний дараа ажлын ачаалал, хуваарь, мөн хүүгээ төрүүлж, амьдралын маань хэмнэлд ихээхэн өөрчлөлт орсон тэрхэн үед хэсэг завсарлаад 2014 оны хавраас миний хувьд нэлээд системтэй судлан суралцах шинэ нөхцөл бүрдсэн. Тэр хавар Мандал иогийн төв олон улсад багшлах эрх бүхий Иогийн багш бэлтгэх сургалтыг анх удаа Монголд зохион байгуулсан юм. Энэ сургалтыг санаачилсан, зохион байгуулсан Мандал иогийн төвийн захирал О.Гэрэлтуяа болон бусад багш ажилтнууд олон хүний амьдралд эргэлт авчирсан ачтанууд гэж бид үргэлж талархаж байдаг. 

Тус сургалтыг хамт дүүргэсэн ангийн охид 2015 онд Сүбүди иогийн төвийг нээж, нээлтэндээ Олон улсын Pure Yoga төвийн Зөвлөх, Ахлах багш Дарио Калварусог урьж ирүүлсэн. Дарио багшийн сургалтанд эхнээс нь хамрагдаж, түүний арга барил, арвин мэдлэг, туршлагаас суралцаж эхэлсэн маань цаашдын миний иогийн  замналд маш том түлхэц үзүүлсэн гэж боддог. Улмаар 2017 онд Хонг Конгийн  Pure Yoga-ийн төвд мэргэжил дээшлүүлэх сургалтанд явж суралцсанаар тус олон улсын байгууллага, мэргэжилтнүүдтэй танилцаж, өөрийгээ ч танилцуулах сайхан боломж тохиосон юм.  2018 онд Pure Yoga-ийн Шанхайн төвд багшлах санал ирсэн билээ.

Pure Yoga нь 20-иод жилийн түүхтэй, Хонг Конг, Сингапур, Шанхай, Бээжин, Нью Йоркт нийт 24 салбартай, цаашид Ази төдийгүй, дэлхий даяар улам өргөжин тэлэх төлөвлөгөөтэй ажиллаж буй иогийн дадал, туршлага, хэв маягийг түгээж буй нөлөө бүхий байгууллага юм. Ийм байгууллагаас санал тавихад татгалзах боломжгүй санагдсан. Залуу байгаа дээрээ дуртай зүйлээ хийж, туршлага хуримтлуулах, мэдлэгээ тэлэх сайхан боломж гэж тухайн үед харж байсан маань алдаагүй байсан. Цаашид ч ийм ирээдүйтэй, сайхан хамт олонтой хамтдаа өсөж хөгжих боломж маш их гэдгийг улам бүр мэдэрсээр байна.

42347903_408732626328659_4822585843287514918_n

@ohmbetty

“Иог нь зөвхөн дасгал хөдөлгөөн биш, хүний амьдралыг өөрчилж чадах зүйл гэдэг” нь юу гэсэн үг юм бол? Тус нийтлэлийг ЭНД-ээс сонирхох боломжтой.

Иогийг дасгал хөдөлгөөн, жингээ хасах, сунгалтаа сайжруулах арга зам л гэж ойлгодог хүн их олон юм билээСүүлийн жилүүдэд манай оронд иогоор хичээллэгчид маш их нэмэгдэж, тэд хичээллэхийнхээ хэрээр иогийн олон талын үр өгөөжийг нь ойлгож, мэдэрч байгаа хурдтай өсөлтийн харж байна.

Нийгмийн стресс, технологийн хөгжил, хотжилт, суурьшил нь хүмүүсийг хөдөлгөөний дутагдалд оруулж, хүнсний нэр төрөл, хэмжээ элбэг болсноор хүнсний зохисгүй, заримдаа замбараагүй хэрэглээ ихээхэн нэмэгдсэн нь манайд ч илэрхий харагдах болжээХүмүүсийн өөртэйгөө байх, зөвхөн өөртөө цаг зав зарцуулах хугацаа улам багассаар байна

Иог нь харин биднийг эргээд өөртэйгөө их дотно харилцаа тогтооход тусалдаг. Миний хувьд иог бол амьдралын хэв маяг. Маш энгийн. Өөртэйгээ байх, өөртөө төвлөрөхөөрийгөө хайрлах, өөртэйгөө тулж ажиллах, өөрийнхөө учрыг олох арга ухаан гэж үзэхээс аргагүй. Зөвхөн иогийн гудсан дээр биш амьдралын бүхий л талбарт хэрэгжүүлэх ухаан буюу зөв амьдрах ухаан гэж ойлгодог. Өөртэйгөө ажиллаад эхлэхээр яах аргагүй биедээ оруулж буй хүнс, өөртэйгөө болон бусадтай харилцах харилцаа, хийж буй бүхий л зүйл, ажилдаа ерөөс амьдралд хандах хандлага өөрчлөгддөг. Бодол өөрчлөгдөхөд, хандлага өөрчлөгдөж, улмаар өдөр тутмын дадал, зуршил өөрчлөгдөнө. Та өөрөө ямар хүн болж төлөвшмөөр байна, амьдралаа хэрхэн залах нь танаас шалтгаалах учир, өөрийнхөө хүсч байгаа бие хүнийг өөртөө бий болгох бүрэн боломжтой гэдэгт итгэх хэрэгтэйХүн хүсвэл өөрийнхөө хамгийн шилдэг хувилбар байж чадна. Таны дотоод бодол, гадна илэрч биеллээ олдог гэдэгт итгэдэг.

40473994_283220398949081_7032937626206191931_n

@ohmbetty

“Зун гал цаг учраас богино хугацаагаар амраад өдөр нь илүү эрч хүчтэй байдаг бол өвөл бадгана, хий махбод давамгайлдаг тул их нойр авч амрах хэрэгтэй” гэж таны ярилцлагаас уншлаа. Хавар хэрхэн дархлаагаа дэмжвэл зүйтэй вэ?

Хавар бол өөрчлөлтийн улирал.  Нэн ялангуяа тэсгэм хүйтэн өвлийг давж гардаг бид бие махбод, сэтгэл санааны хувьд энэхүү байгаль цаг агаарын өөрчлөлтөд хурдан дасан зохицоход тийм хялбар байдаггүй. Өвлийн цагт бадгана давамгайлж хүйтний улиралд бид уураг, өөх тос ихтэй илүү тэжээллэг, хүнд төрлийн хоол хүнс хэрэглэдэг. Ингэснээр бид үе мөч, ходоод, уушги, амьсгалын замын эрхтнүүддээ хэрэгтэй чийгшил, тэжээлийг өгдөг. Бадгана булчингийн хэмжээ, хүч чадал, уян хатан чанарыг тодорхойлдог. Бадгана махбод тэнцвэртэй үед хүчтэй, тайван, бие сэтгэл тогтвортой байдаг, харин алдагдах үед нойр хүрэх, ядрах, цээж, хамарт цэр хуримтлагдах, жин нэмэх, хавагнах, үе мөч хөндүүр оргих гэх мэт зовиурууд илэрдэг. Иймээс улирал солигдох үед бадгана тохируулах нь чухал. Өвөл бадгана хуримтлагдаж, хуримтлагдсан бадгана дулаарах үед биеийг зовиурлуулж, улирлын чанартай харшил болон дээр дурдсан асуудлуудад эмзэг болдог. Иймд хоолныхоо төрлийг өөрчлөн, халуун-бүлээн ус, шингэн юм уух, биед хурдан боловсордог хөнгөн төрлийн хүнс хэрэглэх, богино хугацаанд мацаг барьж биеэ цэвэрлэх, бие сэргээх дасгал хөдөлгөөн, амьсгалын дасгал, бясалгал хийвэл илүүтэй сайн хэмээн боддог.

41421652_285744212026884_3509963550831696657_n

@ohmbetty

Сэтгэцийн эрүүл мэнд, иог, бие мах бодийн эрүүл мэндийн холбооны тухай?

Сэтгэл, бие махбод шууд холбоотой гэж боддог. Мэдрэхүйгээрээ хүлээж авч буй бүхий л мэдээлэл, мэдрэмж, үйл явдал сэтгэлд хүрч, сэдэл төрүүлж, бодол боловсруулж, үйлдлийг удирддаг. Эдгээрийн давтамж нь бие хүний дүр төрх, үзэл бодол, амьдралын хэв маяг тогтоход гол нөлөөтэй. Сэтгэл санааны тэнцвэр алдагдвал нойр, хоол боловсруулалт, өөртэйгөө болон бусадтай харьцах харилцаа, аливаа зүйлд хандах хандлагад уршигтай. Энэ нь шууд бие махбодын эрүүл мэнд, эрч хүч, харагдах байдал гээд бүх талаас илэрдэг.  Бие махбодын гүн тайвшрал, амралт гэдэг нь мэдрэлийн биологийн төвшинд тайван байх, амар амгалан байх, үүний адил, сэтгэлийн амар тайван байдал нь бие махбодын эрүүл байдалтай шууд хамааралтай гэсэн үг. Биологийн, эд эсийн төвшинд биеэ амраана гэдэг нь сэтгэл санаа, тархиа амраахтай шууд хамааралтай. Эрүүл мэнд бол бие, сэтгэл, оюун ухааны цогц хоршил, биеийн эрх чөлөөтэй (хөдөлгөөний эрх чөлөө нь эд эрхтнүүд зөв ажиллаж байна гэсэн үг), сэтгэлийн саад зовиур үгүй бол хүний тэнгэрлэг чанар (the soul) нээгддэг.

Тархи, зүрх, булчингуудад хангалттай хэмжээний адреналин хуримтлагдаж байж Иогоор хичээллэхэд бие болон сэтгэл санаа сэргэж, биедээ их хэмжээний ачаалал өгөхөд биеийн эд эсүүд сэргэж, тайвширдаг.  Иог бол зөвхөн гудас дэвсээд хийдэг дасгал биш, харин цаашлаад өөртэйгөө нүүр тулах, өөр дээрээ ажиллах (өдөр тутам болдог амьдралын үйл явцад), өөрийнхөө учрыг олох, өдөр тутмын сахилга бат, амьдралын хэв маяг болно.

Энд өнөөгийн дэлхийн бизнесийн хамгийн эрчтэй орчинд ажиллаж байхдаа нэг ажигласан зүйлээ зориуд хуваалцмаар санагддаг. Бид аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын эринд дэвшиж, технологийн хэрэглээ бидний амьдралын бүх хүрээнд нэвтэрч, тэр байтугай ойрын үед хүмүүсийн хийдэг ажлыг робот бараг бүрэн орлох тухай маш их ярьцгаадаг. Тийм цаг үед хүмүүс бид юу хийх вэ? Хамгийн ихээр шаардагдах чадвар бол бүтээлч байдал бөгөөд үүнийг харин робот ойрын ирээдүйд  орлож хараахан чадахгүй болов уу. Чухам иймээс Хятад улсад ажиллаж буй томоохон компаниуд ажилтнуудынхаа, байгууллагынхаа бүтээлч чадавхийг өндөр байлгах, бүрэн ашиглах үндсэн арга нь тэдний бие болоод сэтгэлийн эрүүл мэнд гэж үзэх болсон байна.  Ийм ч учраас том компаниуд ажиллагчдын эрүүл мэндийг хариуцсан мэргэшсэн удирдах албан тушаалтантай (Chief Wellness Officer) байдаг болжээ. Тэр удирдлагын ажил үүргийн нэг хэсэгт ажилтнуудаа иогоор хичээллүүлэх стратеги онцгой байр эзлэх болсон байна. Энэ хандлага манайд ч гэсэн нэн чухал гэдгийг зориуд онцлон тэмдэглэж хэлмээр байна.     

40627039_297438097748407_3049050686169342732_n

@ohmbetty

Олон улсад ажиллаж, амьдарч байгаа хүний амьдралын хэв маягийн тухай?

Эрхэлж буй ажлаасаа хамааран харилцан адилгүй байдаг байх. Миний хувьд ажлын өдөр болгон өөр, харьцаж буй хүмүүсийн маань онцлог ч тэр өөр байдаг учир сонирхолтой өнгөрдөг. Гэрээс хол нөхцөлд ажилдаа болон өөрийгөө хөгжүүлэхэд гол анхаарлаа төвлөрүүлдэг. Ажлын хуваарь хоёр долоо хоногийн өмнөөс батлагдаж, түүндээ тааруулан бусад ажлуудаа зохицуулна. Өдөрт олон нийтэд зориулсан 2-6 хичээлийн хажуугаар ганцаарчилсан сургалт явуулна. Хичээл болгон шинэ мэдрэмж, эрч хүч өгдөг.

 

Та мах хэр их хэрэглэдэг вэ, эсвэл цагаан хооллодог уу, мөн мацаг барих тухай?

Хоол бол эм. Эм, бэлдмэл, нэмэлт тэжээл гэхээс илүү хүнснээсээ тэжээл авч чадаж байвал сайн гэж үздэг. Тиймээс шим тэжээллэг хүнс хэрэглэхийг эрхэмлэдэг. Биедээ тохируулан сонгож хооллохыг хичээнэ. Дуртай хоол, хүнснээсээ татгалздаггүй, харин хэмжээг нь тохируулах хэрэгтэй. Гэр бүлийнхэн, хамт олон, найз нөхөдтэйгөө хамт хооллоход ганцаараа тусгай хооллоно, цагаан хоол, зөвхөн жимс ногоо иднэ гэж ялгарах дургүй. Учиргүй биед харшлах зүйл байхгүй бол, усыг нь уувал, ёсыг нь дага гэдэгчлэн сэтгэл шингэсэн хүнс, зоогийг хүндлэн хүртэх хэрэгтэй гэж боддог. Монгол хүн учраас, мах, сүү, цагаан идээ иднэ. Тухайн өдрийн төлөвлөсөн ажил, цаг агаар, тухайн байгаа газрынхаа уур амьсгалаас хамааран тохируулж хооллодог. Ажилтай үед өлөн байх эсхүл хөнгөн хооллосон байхад бие хөнгөн, илүү эрч хүчтэй байдаг.

 

Хүнд цагт, холын газраас интернет (VPN) эрхээр хязгаарлагдсан ч гэсэн хичээл зүтгэл гаргаж ярилцлага өгсөнд дахин талархъя.

Subscribe to Email Updates

2017 REAL ESTATE REPORT

Download 2017 Mongolia Real Estate Report

2018 REAL ESTATE GUIDE

Mongolian Real Estate guide