М.Анхцэцэг: Тамирчид бол энх цагийн дайчид

Batzul Gerelsaikhan
Author Batzul Gerelsaikhan

May 18, 2018 11:30:56 AM

 

2017 онд “Ашгабат-2017” Азийн танхимын наадамд хүндийн өргөлтөөр алтан медаль авч, “Насанд хүрэгчдийн дэлхийн аварга” шалгаруулах тэмцээнээс огцом өргөлтийн төрөлд хүрэл медаль аван, “Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн Одон”-оор шагнуулсан залуу үзэсгэлэнт бүсгүй Мөнхжанцан овогтой Анхцэцэг-тэй ярилцлаа.

 
_69A2174

 

2017 онд олон амжилт гаргажээ. 20 настай бүсгүй гэхэд бахархмаар байна шүү. Баяр хүргэе. Ярилцлагаа хөгжилтэй асуултаар эхлүүлье. Өөрийгөө 3 үгээр тайлбарлана уу?

Баярлалаа. “Зоригтой. Зөрүүд. Тэвчээртэй” (инээв).

 

Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ? Бусад залуучуудад зориулж ямар зөвлөгөө өгмөөр байна?

Чөлөөт цагаараа би ном их уншдаг. Бас Эйфелийн цамхаг цуглуулах дуртай. Ойролцоогоор одоо 40 ширхэг том, жижиг Эйфелийн цамхгууд цуглуулсан байгаа. Ирээдүйд Франц оронд очиж Парис хотын Эйфелийн цамхгийг өөрийн биеэр очиж үзэхийг их мөрөөддөг /инээв/.

Үеийнхээ залуус, дүү нартаа хандаж хэлэхэд мөрөөдөлтэй, зорилготой, тэмүүлэлтэй, түүндээ хүрэх гэж тэмцдэг, хөдөлмөрч байгаарай гэж хэлье.

Оюутны мөнгө болохоор жагсаад байдаг мөртлөө утаа, хүчингийн хэрэг дээр чимээгүй байдагт нь их харамсдаг шүү. Хэтэрхий бэлэнчлээд байгаа нь таалагддаггүй. Бид энэ улсын ирээдүй шүү дээ. Бид л хийж бүтээж хөгжүүлэх ёстой.

 

Их ном уншдаг гэлээ. Сүүлд уншсан 3 номоо хуваалцаач.

Б. Сарантуяа зохиолчийн “Самар Хатан”, Б.Баярхүү зохиолчийн 3 боть номууд: “Нулимс дуусаагүй цагт”, “Амьдрал үргэлжилнэ” ба “Эр хүн уйлах эрхтэй”, одоо Харри Поттер цуврал номуудыг эхлүүлж байна.

 

Яагаад энэ спортоор хичээллэх болсон вэ? Энэ спортоор хэр удаан хичээллэж байна?

Анх сургуулийн коридорт хичээллэж эхэлсэн тэр үеэс л дуртай болсон доо. Одоо хичээллээд 11 жил болж байна. 

 

Энэ спортыг сонгоогүй бол өдийд юу хийж байх байсан бол?

Би өөрийн гэсэн асрамжийн газар нээхийг хүсдэг. Үнэндээ хүүхдүүд асрамжийн газраас зугтдаг шүү дээ. 18 нас хүрээд гарахдаа шууд ажилгүйдэлд орж гудамжинд гардаг. Тиймээс амьдралд хөлөө олоход нь туслах мэргэжил эзэмшүүлж, ажлын байртай болтол нь харж хандаж, сурган хүмүүжүүлдэг асрамжийн газар нээхийг хүсдэг.

Долоо хоног хэрхэн өрнөдөг вэ? Өдөрт хэдэн цагийн бэлтгэл хийж байна? Хүндийн өргөлтийн спорт эмэгтэй хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэж ярилцдаг. Энэ үнэн үү?

7 хоногт заримдаа 11 бэлтгэл хийх үе ч гарна. Өдөрт 2-3 цагийн бэлтгэл хийдэг. Бэлтгэлдээ яваад л, амраад л нэг тиймэрхүү нэгэн хэвийн үргэлжилдэг. Манай спортод амралт маш чухал.

Эмэгтэй хүний хувьд хүнд спорт л доо. Гэхдээ эрүүл мэндээс илүү сэтгэл зүй, тэсвэр тэвчээр маш их хэрэгтэй юм. Би жилд 3-4 тэмцээнд оролцдог. Гэхдээ янз янз л байдаг. Тухайн үеийнхээ бэлтгэл, давтамжаас шалтгаална. Том тэмцээний үед сэтгэл зүйгээ маш тайван байлгадаг.

Эрүүл мэндийн хувьд би байнгын эрүүл мэндийн хяналтад байдаг. Спортын анагаах ухааны төв, Талст төвийн байнгын хяналтад байдаг.

 

Тамирчдад хэзээ ч мартагдахааргүй ялалт гэж байдаг. Тэр ялалтаасаа хуваалцана уу?

Тамирчид бол энх цагийн дайчид гэдэг шүү дээ. Бид чинь төрийн далбаа төрийн дууллаа л мандуулж явдаг хүмүүс. Миний хувьд "Ашгабат-2017" бол хамгийн мартагдашгүй ялалт байсан. Бэртэлтэй байж байгаад бэлтгэлдээ ороод удаагүй байсан. Мөн маш ширүүн өрсөлдөөн дундаас алтан медаль авсан учраас. Гэхдээ тамирчин хүн болгоны мөрөөдөл Олимпын Наадам байдаг шүү дээ. Миний хувьд ч гэсэн Олимпын тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлэх. 

 

Юунаас ийм их урам зориг хүч авдаг вэ?

Урам зориг гэхээсээ илүү хүмүүсийн итгэлийг алдахгүйг их хичээдэг. Энэ жил миний дүү хүндээр түлэгдээд, би дүүгийнхээ хагалгаанд зориулж хандивын аян амжилттай явууллаа. Маш олон хүн тусалж дэмжсэн. Тэр олон мянган хүмүүст би хэзээ ч төлж дийлэхгүй сэтгэлийн өртэй шүү дээ. Тийм учраас миний хийж чадах ганц зүйл бол Олимпын тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлэх.

 

Таны үлгэр дуурайл авдаг болон хүндэлж явдаг хүн?

Байлгүй яахав. Амжилтад хүрсэн хүн бүрээс мөн зөв зүйл хийдэг хүн бүрээс үлгэр дуурайл авдаг.

 

Таныг амжилт гаргахад нөлөөлсөн бусад хүчин зүйлс?

Монголиан Пропертис компани сар бүр тэтгэлэг, мөн зарим тэмцээний зардлыг минь гаргаж өгч байгаа. Энэ нь амжилт гаргахад маш том тулгуур болж байгаа юм. Маш их талархаж байгаа.

 

 

Subscribe to Email Updates

2017 REAL ESTATE REPORT

Download 2017 Mongolia Real Estate Report

2018 REAL ESTATE GUIDE

Mongolian Real Estate guide